Энэхүү хэсэг нь хэрэгжилтийг дэмжих, хөхиүлэн дэмжих арга замыг тодорхойлно. Ялангуяа эдгээр арга зам нь 10 жилийн хөтөлбөрийн явцад Инчоны стратегийг хэрэгжүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дэвшилд хүрэхийн тулд тоо баримт болон мэдээллийг бүрдүүлж, олон талт түвшний хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.
1. Үндэсний түвшинд
Инчоны стратегийн хэрэгжилтийн амин зүйл нь үндэсний түвшний бүх чухал харилцаа холбоо бүхий хөгжлийн бэрхшээлийн талаарх үндэсний зохицуулах механизм болно.
Ийм төрлийн олон механизм нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10 жилийн сүүлийн хоёр хөтөлбөрийн явцад бий болсон. Тиймээс эдгээр механизм нь Инчоны стратегийн хэрэгжилтийг үндэсний түвшинд зохицуулах болон хөдөлгөх анхан шатны үүрэг хариуцлагыг өөр дээрээ авах юм.
Үндэсний зохицуулах механизмын дор үндэсний статистикийн байгууллагууд нь Инчоны стратегийн хэрэгжилтийн ахиц дэвшлийг шалгах болон хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтэд хэрэг болох үндсэн тоо баримтыг бүрдүүлэх, энэ асуудлыг хариуцах гол үүргийг гүйцэтгэх болно.
Хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан үндэсний зохицуулах механизм нь дараах үүрэг даалгаврыг гүйцэтгэх ёстой ч үүгээр хязгаарлагдахгүй:
а Инчоны стратегийг хэрэгжүүлэхэд олон салбарын яамд, газар агентлагууд болон засгийн газрын бүх шатны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд тухайлан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага болон тэдгээрийг дэмжих байгууллага, тэдний гэр бүлийг дэмжих баг, судалгааны хүрээлэнгүүд болон хувийн хэвшил гэх олон талт салбарыг үндэсний өргөн хэмжээнд оролцуулан дайчлах;
б Инчоны стратегийн зорилго, зорилтод хүрэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийн талаар мониторинг хийж, тайлагнах;
в Инчоны стратегийг тухайн улс өөрийн эх хэл рүү орчуулж, бүх салбар болон засаг захиргааны бүх түвшинд өргөнөөр түгээхийн тулд хүртээмжтэй хэлбэрээр эх хэл дээрх хувийг гаргах;
г Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх эерэг хандлагыг дэлгэрүүлж буй 10 жилийн хөтөлбөрөөр дамжуулан, хүмүүсийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд “ Эрхийг нь бодитой болгох аян” зэрэг үндэсний аянг зохион байгуулах;
д Бодлого боловсруулах үндэс суурийг тавихын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхцөл байдлын талаарх судалгааг урамшуулан, хөхиүлэн дэмжих.
Тухайн улсад ажиллаж буй НҮБ-ын байгууллага нь үндэсний зохицуулах механизмыг эрчимжүүлэх болон тэдний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай бөгөөд ялангуяа хэрэгжилтэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа, зохицуулалт болон хамтын ажиллагааг илүү ихээр анхаарч дэмжих шаардлагатай болно.
2. Дэд бүсийн түвшинд
Дэд бүсийн засгийн газар хоорондын аж ахуйн нэгж болох Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Бүсийн хамтын ажиллагааны Номхон Далайн арлуудын чуулган болон Өмнөд Азийн холбоо нь өөрсдийн чиг үүргийн хүрээнд хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан бодлого, хөтөлбөрийг идэвхитэй хөхиүлэн дэмжих замаар Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
АНДБЭЗНК-ын Нарийн бичгийн газар нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийг хөхиүлэн дэмжихэд, дэд бүсийн засгийн газар хоорондын байгууллагуудтай хамтран дэд бүсийн болон дэд бүсийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих ёстой. Ингэснээр, хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан хөгжлийг хөхиүлэн дэмжихэд бүс нутгийн байгууллагуудын[5] дэмжлэгийг авдаг Хойд болон Төв Ази, Зүүн болон Зүүн-Хойд Ази, Номхон Далайн бүс нутаг, Өмнөд болон Баруун-Өмнөд Ази дахь өөрийн салбар байгууллагуудын идэвхтэй оролцоог ашиглах болно.
3. Бүс нутгийн түвшинд
АНДБЭЗНК-ын гишүүн болон сурвалжлагч гишүүн орнууд нь Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийг хэрэгжүүлэхэд гарч буй ахиц дэвшил, сорилт бэрхшээл, сайн туршлагын талаар Нийгмийн хөгжлийн Хороо буюу үүнтэй ижил төстэй хорооны байнгын уулзалтаар харилцан санал солилцож, хэлэлцэх хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид дээрх уулзалтанд оролцох явдлыг дэмжих болно.
Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн бүс нутгийн ажлын хэсгийг байгуулах ёстой. Ажлын хэсэг нь 10 жилийн хөтөлбөрийн турш хөтөлбөрийг бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх явдлыг дэмжих ёстой. Ажлын хэсгийн үйл ажиллагаа нь Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийг бүс нутагт хэрэгжүүлэх талаар гишүүн болон сурвалжлагч гишүүн орнуудад зөвлөмж, дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм. Ажлын хэсгийн удирдамжийг хавсралтанд тусгасан болно.
АНДБЭЗНК-ын Нарийн бичгийн газар нь өөрийн бүс нутаг дахь гүйцэтгэх үүрэг, дүн шинжилгээний ажил болон засгийн газруудад техникийн дэмжлэг үзүүлэх замаар Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Ялангуяа НҮБ-ын байгууллагуудтай хамтран дараах арга хэмжээг авах ёстой:
а Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцтой үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх болон “Эрхийг нь бодитой болгох” аяныг хөхиүлэн дэмжих тал дээр засгийн газруудад дэмжлэг үзүүлэх;
б Гишүүн болон сурвалжлагч гишүүн орнуудын дунд хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан хөгжил болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, хангах асуудлаарх үндэсний сайн дадлага, туршлагыг хуваалцах явдлыг хөхиүлэн дэмжих, тухайлан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хөхиүлэн дэмжихийн тулд үндэсний хууль тогтоомж болон захиргааны байгууллагуудын талаар авч хэрэгжүүлсэн сайн туршлагын хуваалцах;
в 10 жилийн хөтөлбөрийн явцад хөгжлийн бэрхшээлийн талаарх статистик тоо баримтыг боловсронгуй болгох явдлыг дэмжиж, ахиц дэвшлийг нь шалгах;
г Хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан хөгжлийг хөхиүлэн дэмжихийн тулд гишүүн болон сурвалжлагч гишүүн орнуудын чадавхийг бий болгох явдлыг дэмжих;
д Иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага болон тэдгээрийг дэмжих байгууллагыг татан оролцуулах, мөн холбогдох талуудын бүсийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрх мэдэлжүүлэх, тэдгээр хүмүүсийн төлөөлөл байгууллага, саад бэрхшээлгүй, оролцооны нийгмийг хөхиүлэн дэмжих зорилгоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлийн асуудлаарх Ази-Номхон Далайн бүс нутгийн хөгжлийн төв нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10 жилийн хөтөлбөрийн анхны өв хөрөнгө болж байгуулагдсан юм. Энэхүү төвөөс хөгжлийн бэрхшээлд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын байр болон дадлага хийх хөгжлийг дэмжсэн буюу хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан бизнест хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцохыг уриалах тал дээр голлон анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чадавхийг бий болгох болон олон талт салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийг хүсчээ.
Солонгос улсад байрлах “Эрхийг нь бодитой болгох” Санг тус улс санаачлан байгуулсан бөгөөд тус сан нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн талаарх Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийг амжилттай хэрэгжүүлэх явдлыг дэмжиж байна.
Иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага болон тэдгээрийг дэмжих байгууллагуудыг Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийг хэрэгжүүлэхэд оролцохыг мөн 10 жилийн хөтөлбөрийн туршид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүсэл эрмэлзэл, тэдний хэрэгцээ шаардлагын дагуу тогтмол арга хэмжээ авахыг уриалж байна.
------------
5 Солонгос улсын Инчон хот дахь Хөгжлийн төлөөх мэдээлэл, харилцаа холбоо, технологийн Ази болон Номхон Далайн бүс нутгийн сургалтын төв (APCICT); Шинэ Дели дэх Ази болон Номхон далайн бүс нутаг дахь технологийг шилжүүлэх төв (АРСТТ); Токио хот дахь Ази болон Номхон Далайн бүс нутгийн статистикийн хүрээлэн (SIAP); Индонези улсын Богор хот дахь Тогтвортой хөдөө аж ахуйгаар дамжуулан ядуурлыг бууруулах төв (CAPSA); Бээжин дэх Хөдөө аж ахуйн инженер болон машин механизмын НҮБ-ын Ази болон Номхон Далайн бүс нутгийн төв (UNAPCAEM).