Incheon Strategy Banner

Танилцуулга

2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд АНДБЭЗНК-ын бүс нүтгийн засгийн газрын тэргүүн нар Солонгос улсын Инчон хотод Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн шинэ хөтөлбөрийн чиг шугамыг тодорхойлохоор цуглав. Энэхүү арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих байгууллагууд зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгч нар мөн засгийн газар хоорондын байгууллагын төлөөлөгчид, хөгжлийн хамтын ажиллагааны агентлагууд болон НҮБ-аас тус тус оролцов.

Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны 10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх засгийн газар хоорондын дээд хэмжээний чуулга уулзалтыг АНДБЭЗНК болон Солонгосын засгийн газар өөрийн эх орондоо зохион байгуулав. Чуулга уулзалтаар Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны 2 дахь 10 жилийн хөтөлбөрийг дүгнэж, шинэ 10 жилийн хөтөлбөрийн эхлэлийг тавьсан билээ.

Засгийн газар хоорондын дээд хэмжээний чуулга уулзалтаар засгийн газрууд Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн Сайд нарын Тунхаглал, мөн Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг нь бодитой болгох” Инчоны стратегийг тус тус батлан гаргав.

Инчоны стратеги нь бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан хөгжлийн зорилгын анхны чиг шугамыг Ази, Номхон Далайн бүс нутаг болон дэлхийн хэмжээнд ийнхүү толилуулав.

Засгийн газрууд болон иргэний нийгмийн төлөөлөлтэй 2 жил гаруй зөвлөлдөсний үндсэн дээр, Инчоны стратегийг 10 зорилго, 27 зорилт болон 62 шалгуур үзүүлэлттэйгээр боловсруулан гаргав.

Инчоны стратегийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон Бивако-гийн Мянганы Хүрээн дэх Үйл Ажиллагаа, мөн Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан оролцоотой, саадгүй, эрхэд суурилсан нийгмийг чиг болгосон Бивако-гийн нэмэлт 5 зарчим дээр тулгуурлаж боловсруулсан юм.

Инчоны стратеги нь Ази болон Номхон Далайн бүс нутагт амьдарч буй дийлэнх нь ядуу амьдралтай 650 сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьжиргааны чанарыг сайжруулах, эрхийг нь хэрэгжүүлэхэд гарах ахиц дэвшлийг тус бүс нутагт гаргах боломжийг бий болгож байгаа юм. АНДБЭЗНК-ын Хэрэг эрхлэх газар нь Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийн явцыгтус хөтөлбөрийн 10 жилийн хугацаанд 3 жил тутам буюу 2022 оны сүүл хүртэл тайлагнах үүрэгтэй юм.